Loading...
ЯЗГУУР ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ДЭЭДЭЛНЭ
Монгол Улсын хөгжлийн бахархалт ололт, амжилтын нэг орчин цагийн боловсрол, гэгээрэл үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг эрхэм хүндэт Танд өргөн дэвшүүлье!
Ардын хувьсгалын ачаар Монгол Улсын нийгмийн амьдралын бүхий л хүрээнд, тэр дундаа гэгээрэл, соёл, боловсролын салбарт эрс өөрчлөлт гарч, олон улсын жишигт хүртлээ хөгжсөн нь боловсролын 100 жилийн хөгжил, дэвшлийн гол ололт билээ.
XXI зууны боловсролын чанар, үнэлэмж болох
суралцагчдын ур чадвар, чадамж нь “судалгаанд суурилсан сургалт”, “сурлагынхаа төлөө өөрөө өөртөө үүрэг хариуцлага хүлээх”, “өөрийн суралцах үйлээ удирдан зохицуулах соёл, ёс суртахуун”, “хамтарч ажиллах, харилцан зөвшилцөх арга ухаан”, “цахим боловсролын хэрэглээ” зэрэг түлхүүр асуудлыг боловсролын түвшин бүрд залгамж холбоотойгоор хэрхэн бүтээлч шийдсэнээс шууд хамаарна.
Монголчууд бид дэлхий дахины боловсролын ололт амжилтыг өөрийн улс орны онцлог нөхцөлтэй нийцүүлэн хэрэглэж байгаа ч Монгол үндэснийхээ язгуур үнэт зүйл, монгол хүний амин чанар-ижилсэлд суурилсан боловсролын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод онцгойлон тусгасан билээ.
Иймээс боловсролын салбараа тал бүрээр дэмжин, тэтгэн хөгжүүлж, оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чийрэг, чадвар, чадамжтай, бүтээгч, эх оронч, эерэг зөв хандлагатай хүний нөөцөөр нийгмийн хөгжлөө эрчимжүүлэн хурдасгаж, дэлхийд түүчээлцгээе.
Эрдэм номыг эрхэмлэн дээдлэгч Монгол түмэндээ, үе үеийн эрдэмтэн багш Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье! Тэртээх 1921 онд бага сургуулийн танхимаас шинэ цагийн боловсролын гарааг эхлүүлж, богино хугацаанд ард иргэдээ 100 хувь бичиг үсэгт тайлж, шинжлэх ухаанч хөгжлийн замыг сонгосон нь Монголчууд бидний түүхэн дэх хамгийн гэрэл гэгээтэй цаг үеийн баримт юм. Энэ түүхэн жил боловсрол хэмээх айлын тулганы чулууг түшилцэж, хүнд бэрх цаг үеийг туулж, түмний хүүхдийг соён гэгээрүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан зүтгэсэн ахмад буурлуудынхаа гүйцэтгэсэн үүрэг, туулсан замналыг дурсан санаж, бахархан тэмдэглэх учиртай. Өнөөдөр манай салбарын сургуулийн өмнөх боловсролын 1410 байгууллагад 274236 хүүхэд, 871 ерөнхий боловсролын сургуульд 771722 сурагч, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллагад 38294 суралцагч, дээд боловсролын 64 байгууллагад 145345 оюутан суралцаж байна. Энэ бүх хүүхэд багачууд, залуусын ирээдүйн төлөө 111957 багш, ажилчид ажиллаж байгаа энэ тоон үзүүлэлт боловсролын салбарын 100 дахь жилийн бас нэгэн түүх болж үлдэнэ. Та бүхний гар дээрх энэхүү Монголын боловсрол 100 үйл явдал бүтээл бол өчигдрийн түүх, өнөөдрийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх боломжийг боловсролоо гэсэн хүн бүхэнд олгохоос гадна маргаашаа төлөвлөх, ирээдүйгээ харах, боловсролын зөв шинэчлэлийн гэрч болох учиртай. Боловсролын салбарынхаа нийт эрдэмтэн багш, ажилтан, албан хаагч, оюутан, сурагчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд Та бүхэндээ эрдэм мэдлэг, сэтгэл зүрхний боловсрол, сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ардын Засгийн газрын 1924 оны 31 дүгээр тогтоолоор “Ардыг гэгээрүүлэх яам” байгуулахаар шийдвэрлэж, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу Цагаан сарын шинийн нэгний бэлгэ төгөлдөр өдөр тус яамны тамгыг хүлээлгэн өгснөөр манай улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бий болсон түүхтэй. Ардыг гэгээрүүлэх яамнаас Боловсрол, шинжлэх ухааны яам болсон түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд тус яам олон улсын хөгжлийн чиг хандлага, төр засгийн бодлого, эрхэлсэн асуудлын онцлогоосоо хамаарч бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж, өргөжин тэлсээр, улс эх орондоо орчин цагийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлж, Монгол Улс сэргэн мандах, хөгжин дэвшихийг нэгэн үндэс суурь болж ирсэн. Өнөөдөр манай улс нийгэм, эдийн засгийн ижил түвшний орнуудтай харьцуулахад боловсролын салбартаа чамлахааргүй амжилтыг үзүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Монголчууд 1960 онд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж дэлхий нийтэд үлгэр жишээ болж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжээр НҮБ-ын Хүүхдийн төлөө сангийн шагнал хүртэж байлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд нөхцөлд Монгол Улс хүүхэд, залуучууддаа боловсролын үйлчилгээ, сургалтыг тасалдалгүй хүргэж, НҮБ-ын үнэлгээгээр 2022 онд боловсролын цахим шилжилтээрээ шилдэг 9 орны нэгээр шалгарсан. Олон улсад сайн туршлага хэмээн зарлагдсан Монголын анхны цахим сургууль Medle.mn 15 мянга гаруй суралцагчтай том сургууль болон хөгжиж байна. Технологийн хөгжил дэвшил, шинэ залуу үеийн оюун санаа, хүсэл сонирхол нь боловсролын салбарт хувьсал, өөрчлөлт хийхийг шаардаж байна. Дэлхий дахинд өрнөж буй боловсролын хувьсал, өөрчлөлтийн шинэ эрин үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэгч, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагч, ахмадууд, эрдэмтэн багш, судлаач, нийт хамт олондоо Боловсрол, шинжлэх ухааны яам үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.